Monday, September 17, 2012

DIALOGUE - ЯРИА, ЯРИЛЦАА

Dialogue гэдэг нь гэрэгээр dia-хоёр, logos-үг, яриа гэсэн бүтэцтэй. Иймээс "Ярилцаа" гэж махчилж орчуулж болно, учир нь -лц гэдэг хамтран үйлдэх утга заадаг. Гэхдээ уулаасаа өөрөө өөртэйгөө ярихгүй нь тодорхой учир шууд "яриа" гэж орчуулсан ч болох юм.
Multilateral security dialogue гэдгийг "аюулгүй байдлын олон талт ярилцаа/яриа" гэж орчуулж болмоор юм.

Tuesday, July 3, 2012

SHERIFF

Энэ бол орон нутгаас сонгогддог цагдаагийн дарга (АНУ-ын жишээн дээр) юм. Орон нутгийн цагдаагийн дарга гэдэг агуулгаар нь бодвол ХҮНД гэж орчуулах нь зүйтэй. Учир нь яг ийм албан тушаалтныг Чин улсын үеийн Монголд ингэж нэрлэдэг байжээ.
Хүнд гэдэг бол сумын  түвшинд цэрэг, цагдаагийн үйл эрхэлдэг албан тушаалтны нэр байжээ. Хүнд суман зангийн туслах бөгөөд хүндийн дор томь, гавуу, хуяг, тахар гэх мэт албан тушаалтнууд ажиллаж байв.

Tuesday, June 26, 2012

Монголын албан тушаалын хуучин нэрс

Миний сайн анд Баярсайханы бичсэн нэг номоос олон сонирхолтой санаа төрснийг энд тэмдэглэн хуваалцахыг бодов.
Төрийн яаманд ажиллаж байсан түшмэлийн зэрэг дэвийг Тайш, Тайфу, Тайбуу гэдэг гэнэ. Зүйрлэвэл:
  • Төрийн нарийн бичгийн дарга - Тайш
  • Газрын дарга - Тайфу
  • Хэлтсийн даргыг - Тайвуу
  • Тасгийн даргыг - Тайшуу
  • Тамгын газрын даргыг - Зайсан
гээд яамны олон "мэргэжилтэн"-ийг Шуувин гэдэг байжээ. Үүнийг хэтэрхий хятад маягтай гэж шүүмжилбэл, Богд хаант засгийн үед хэрэглэж байсан заавар бас байна.
  • Төрийн нарийн бичгийн дарга - Төрийн шадар
  • Газрын дарга - Эрхин
  • Хэлтсийн дарга - Ахлан
  • Тасгийн дарга - Дэс
  • Тамгын газрын даргыг - Зайсан
гээд яамны олон "мэргэжилтэн"-ийг Бичээч гэж болох юм.
Одоо бидний "туслах" гээд байгаа албан тушаалыг өмнө нь "хиа", "дэмч" гэдэг байсан бололтой.
Орон нутагт:

  • Аймаг: Хан захирна
  • Хошуу: Ноён захирна
  • Сум:    Занги захирна.
байжээ.
Сумыг занги ганцаараа захирч байсангүй. Хажуудаа "хүнд" гэдэг туслагчтай байсан нь одоогийнхоор бол "цагдаагийн дарга", "мөрдөн байцаагч"-ийн үүрэг гүйцэтгэдэг: 
  • хүндийн доор 
  • туслагч, 
  • томь (цэрэг захирагч), 
  • гавуу (цагдаа/цэрэг ахлагч), 
  • хуяг (цагдаа), 
  • тахар (зарлага) зэрэг албаттай байв.
Сүүлийн үед балай юм бодогдох болов.
БАТЛАН ХАМГААЛАХ гэдэг үгийг хүмүүс ярианы хэлнээ БАТЛАМГААЛАХ гэж дуудах болжээ. Яагаад бид Батламгаалах яам, Батламгаалахын сайд гэж болохгүй гэж?

Tuesday, October 18, 2011

Extremism

Туйлшрал

Wednesday, March 25, 2009

CHALLENGE - ДАВАА

Challenge, Вызов гэдэг хоёр үгийг одоогоор "Сорилт" гэж орчуулж байгаа. Сорилт гэдэг маань үнэндээ бол энэ хоёр үгийн орчуулахын тулд бодож олсон үг юм. Миний бодлоор бол энэ үгийн орчуулгыг Монгол үгийн сан дотроос хайх ёстой болохоос шинэ нэр томъёо зохиох нь төдий л оновчтой бус.
Монгол хэлэнд энэ үгийг "Даваа" гэж орчуулах нь зүйтэй санагдана. "Давахгүй гэсэн даваагаараа гурав давна", "Энэ ч том даваа шүү" гэж манайхан ярьсаар ирсэн. Гэхдээ энэ хэлцэд "даваа" гэдэг нь "уул даваа" биш, харин "уул даваа"-тай зүйрлэн нэрлэсэн шийдвэл зохих асуудлыг хэлээд байгаа билээ. "Энэ ч том даваа шүү" гэдэг монгол үгийг "It is a big challenge" гэхээс өөрөөр орчуулж болохгүй шүү дээ.
Тиймээс CHALLENGE гэдгийг ДАВАА гэж орчуулж хэвшвэл зүгээр юм.

Wednesday, July 2, 2008

DISCRIMINATION - АЛАГЧЛАЛ

Энэ үгийг өмнө нь ялгаварлан гадуурхах хэмээн орчуулж байсан. Сайн утгачилсан боловч хэт сунжруу юм. Харин сүүлийн үед алаглал хэмээн орчуулах хандлага түгээмэл болсныг дэмжүүштэй билээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 14-р зүйлд:

"Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин, шүтлэг, үзэл бодол, боловсролоороо ялгаварлан гадуурхагдахгүйгээр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэснийг

"Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсныг өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловролоороо алагчлалгүй хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэхэд утгын алдаа огт гарахгүй билээ.